Ходоод-нарийн гэдсийг хавхлага үүсгэж залгах нь
1 Х.Амартүвшин, 2 Б.Бархас, 3 Б.Үржинханд, 4 Х.Энхтүвшин, 5Г.Билгүүн,
6 Б.Цэрэнчимэд, 7С.Эрдэнэ, 7 Б.Нэргүй
1АУС-512, 2АУС-501, 3АУС-507, 4АУС-314, 5АУС-307,
6АУС-201, 7Мэс заслын I-р тэнхим АУ-ны магистр
Үндэслэл:
Ерөнхий болон хавдрын мэс заслын практикт ходоод тайрах мэс засал цөөнгүй хийгддэг. Өнөөгийн байдлаар дэлхий дахинд уг мэс засалд БильротI, БильротII, болон Ру гэсэн үндсэн 3 арга ашиглаж байна. Мэс заслын үндсэн сурах бичгүүдэд бичсэнээр ходоод-нарийн гэдсийг залгасны дараа ходоодны зогсонгишил, демпинг хам шинж, нарийн гэдэсний агуулагдахуун ходоодруу сөргөж хаях, улмаар “С” хэлбэрийн ходоодны үрэвсэл үүсэх магадлалтай байдаг бөгөөд БильротII мэс заслын дараа 100%, БильротI мэс заслын дараа 29.4% цөсний сөөргөө үүсдэг гэжээ(Bechi P, Amorosi A, Mazzanti R, Romagnoli P, Tonelli L Gastric histology and fasting bile reflux after partial gastrectomy). Бид дээрх хүндрэлийг бууруулax боломжийг эрэлхийлж уг ажлыг санаачлан хийлээ
Зорилт:
1. Ходоод-Нарийн гэдсийг стандарт аргаар залгах
2. Ходоод-Нарийн гэдсийг механик хавхлага үүсгэн залгах
3. Залгаасны эдгэрэлтийн байдал болон нарийн гэдэсний агуулагдахуун ходоодруу сөргөж буй эсэхийг шинжилж харьцуулан дүгнэх
Материал, арга зүй:
Аналитик судалгааг тохиолдол-хяналтын загвараар туршилтын мэс заслын лабароторийг түшиглэн явуулав. Судалгаанд есөн гахай ашиглалаа. Статистик боловсруулалтыг SPSS15 программ дээр хийв. Найман амьтанд антрумэктоми мэс засал хийж ходоод нарийн гэдсийг БильротII аргаар залгав. Залгаасаас доош 20см-т энтеростомия гаргаж үүгээр 1см диаметр бүхий зөөлөн гуурс оруулан залгаас өнгөрөөж ходоодны хөндийд орхисон (декомпрессия).
Хяналтын бүлэг(4гахай)-т залгаасыг стандарт аргаар залгасан бол туршилтын бүлэг(4гахай)-т ходоодны салстыг эргүүлж уруул үүсгэн нарийн гэдэсний хөндийд чихэж механик хавхлага үүсгэн залгав. Мэс заслаас хойш 14 хоногийн дараа энтеростомоор BaSO4 уусмал 100ml-г даралттай шахаж УКТЭ-н дүрс оношлогооны тасагт рентген шинжилгээ хийв. Хагалгааны дараах 15 хоногт Релапаротоми хийн залгаасны байдалд макро түвшинд үнэлгээ хийлээ.
Үр дүн:
1. Туршилтад нийт 9 амьтан хамруулсан ба хяналтын бүлгийн 1 амьтан мэс заслын үед эндсэн, 8 амьтанд хийсэн мэс засал амжилттай болсон.
2. Рентген шинжилгээ хийхэд стандарт аргаар мэс засал хийсэн 4 тохиолдолд рентген тодосгогч бодис ходоодруу сөргөж орсон бол хавхлага үүсгэж залгасан 1 тохиолдолд сөөргөө үүсч, 3 тохиолдод сөөргөө үүссэнгүй.
3. Давтан хагалгаа хийж залгаасыг үзэхэд хяналтын бүлгийн 1 тохиолдолд их сэмж бүрхэж наалдсан, 1 тохиолдолд нэвчдэс үүссэн үрэвсэлтэй байсан, 2 тохиолдолд залгаас фибринээр наалдан цэвэрхэн эдгэж байлаа. Харин туршилтын бүлгийн 2 тохиолдол нэвчдэс үүсч үрэвссэн байсан бол үлдсэн 2 тохиолдол цэвэрхэн эдгэж байлаа.
Дүгнэлт:
Бидний туршилтаар хавхлага үүсгэн залгасан 4 тохиолдолын 3 нь сөөргөө үүсээгүй нь (p=0,028) уг залгаас ач холбогдолтой байж болохыг харуулж байна. Залгаасны эдгэрэлтийн хувьд (p=1.00) онц ялгаа ажиглагдсангүй.
No comments:
Post a Comment